Мягмар, 10 сар 19, 2021
Нүүр хуудасЭрүүл мэндТараг таны арьсыг толигор болгох шидтэй

Тараг таны арьсыг толигор болгох шидтэй

Тараг нь уухад амттай, ашигтай төдийгүй гоо сайханд ч бас тустай. Гоо сайхан нь ямагт толигор, зөөлөн арьснаас эхэлдэг. Арьс бол гоо сайхны илрэл төдийгүй бидний эрүүл мэндийн толь. Бие организмд ямар өөрчлөлт болж буйг илэрхийлэгч хэмжүүр л гэсэн үг. Ийм учраас үргэлж сайхан харагдахын тулд арьсаа бөөцийлж, арчилж байх хэрэгтэй. Нас ахих тусам арьсаа залуу сайхан байлгахыг хүсвэл системтэй арчлах шаардлагатай.
Нүүрний арьсаа эрүүл сайхан байлгах олон арга бий. Үүний тулд гоо сайхны салонд үйлчлүүлэх эсвэл гэртээ өөрөө өөрийгөө арчлах хэрэгтэй болно. Арьсныхаа эд эсийг залуужуулахын тулд байнга чийгшүүлж, цэвэрлэж, тэжээл өгч байх хэрэгтэй. Нүүрний арьс байнга цэвэр байх шаардлагатай. Учир нь орчны бохирдол, гоёлын энгэсэг, тоос тоосонцор нь арьсан дээрх тостой холилдож, арьсыг чөлөөтэй амьсгалах боломжгүй болгон, батга гарах нөхцөлийг бүрдүүлж байдаг.

Нүүрний арьсыг угааж цэвэрлэж болох ч гэрийн нөхцөлд бэлтгэсэн лосьоноор арчилж цэвэрлэх нь илүү тохиромжтой. Ямар ч төрлийн арьсыг тараг маш сайн цэвэрлэж, цайруулдаг. Ийм арчилгааг өдөр бүр хийсэн ч болно. Тослог арьсанд илүү исгэлэн бүтээгдэхүүн тохирдог тул дулаан газар 2-3 хоног байсан таргаар цэвэрлэхэд илүүтэй тохирдог.
Нүүрний арьсыг цэвэрлэх нь тун хялбар. Хөвөнгөө тарганд дүрж, тойрог хөдөлгөөнөөр нүүрээ арчиж цэвэрлэнэ. Арчих бүрт хөвөн, тампоны гадаргууд бохирдол наалдаж үлдэнэ. Хамгийн сүүлд нь тарагныхаа үлдэгдлээ арилгах хэрэгтэй. Тослог арьсыг сүүний шар усаар тогтмол угааж байх нь тустай. Шар усыг тарагнаас маш амархан гарган авч болно. Таргаа гал дээр халаахад аяндаа шар ус ээдэм болон ялгарна. Аарцаар нь нүүрэндээ бигнүүр тавьж, шар усаар нь нүүрээ угааж цэвэрлэх хэрэгтэй. Хуурай арьсыг таргаар цэвэрлэхэд хорсож, халуу оргиж болно. Тэр үед нь арьсаа бүлээн усаар угааж цэвэрлэ.

Харин тослог арьстай бол нимгэн тарган бигнүүр тавьж өглөө болтол байлгаж болно. Тослог арьсанд олон тооны хар толбо үүссэн байдаг. Түүнийг овьёосны гурил, цагаан будаа, хүүхдийн будаа, тарагны тусламжтайгаар цэвэрлэж болно. Будаагаа махны машинаар машиндаж нунтаглана. Нэг стаканд дээрх хольцоо хийж нэг халбага хүнсний сод нэмээд, бүгдийг сайтар хутгаж, битүү тагласан шилэн саванд хийж хадгална.
Нүүрээ цэвэрлэхдээ нэг халбага холимгоо тарганд хийн хутгана. Цэвэр хөвөн тампонд тарагтай хутгасан холимогоо дух, хүзүү, эрүүний хэсэгтээ түрхэнэ. Арьсандаа тойрог хөдөлгөөнөөр, чөлөөтэй гулгах боломжгүй болтол нь иллэг хийнэ. Дараа нь бүлээн усаар угаахад арьсны үхэжсэн хэсэг, бохирдол, тоосноос бүрэн цэвэрлэгдсэн байх болно. Арьсанд гүн цэвэрлэгээ хийх гуужуулах тосыг гоо сайхны салоноос өндөр үнэтэй худалдаж авахын шаардлагагүй. Гэртээ өөрөө бэлтгэж болно. Хуурай болон хэвийн арьсанд дараах бэлдмэлийг хэрэглэхэд илүү тохиромжтой.

Үүнд: Өндөгний шарыг ялгаж аваад түүн дээрээ бага зэрэг тараг холино. Дараа нь тасралтгүй хутгаж дээр нь архи, хагас нимбэгний шүүс шахаж хийнэ. Ийм бэлдмэл нь нүүрийг маш сайн цэвэрлээд зогсохгүй, тэжээл өгч цайруулах үйлчилгээ үзүүлдэг.
Хэрвээ таны арьс холимог, дух, хамар, эрүүний доор хэсгээр тослог, харин хүзүүгээрээ хуурай бол өглөөдөө ургамлын хандаар, оройдоо цөцгийтэй таргаар нүүрээ цэвэрлэж байх хэрэгтэй.

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Мэдээ хуулах хориотой