Баасан, 7 сар 1, 2022
Нүүр хуудасСонин хачинТ.Нансалмаа: Өөрийгөө хайрла охин минь! Ганц байгаа амиа хоёр болгох гэж байгаа...

Т.Нансалмаа: Өөрийгөө хайрла охин минь! Ганц байгаа амиа хоёр болгох гэж байгаа бол нэртэй төртэй хуримлаад, хүүхэд нь аавыгаа нэхэж биш бахархаж өсгөхөөр бодоод сэтгэлийн хөөрлөө барихыг хичээ

On’n Off продакшны гүйцэтгэх захирал, Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгч хийж байсан Т.Нансалмаа инстаграмд цөөнгүй дагагчтай. Түүний жинтэй үг, үзэл бодол ялангуяа залуусын сэтгэлд нийцдэг нь харагддаг бөгөөд бүсгүйчүүд олон сэдвээр хувь бодлыг нь сонсохыг хүсдэг болжээ.
Ийм жишээ болсон түүний сэтгэгдлээс уншигчдадаа сонирхуулж байна.

…Нас залуу бүсгүйчүүдийн асуусан асуултны нэгэнд ил хариулъя гэж бодлоо. Хайртаа залуудаа, нөхөртөө зодуулсан, бүр дахин дахин зодуулаад ноцтой гэмтсэн хэрнээ уучлаад явдаг нь амьдралын нэг л хэлбэр гэж үү? Үгүй дээ бүсгүйчүүд минь. Хэнд ч бүү бууж өг!! Хэнийг ч өөрийнхөө бие, сэтгэлд хатуу, хүйтэн хандахыг бүү зөвшөөр!!
Өөрийгөө хайрлаж, ганц олдох амьдралаа айх аюулгүй, амар амгалан өнгөрөөхөө бод. Чамайг огт хайрладаггүй учраас хүчирхийлэл хэрэглэж байгаа гэдэгт эргэлзээгүй итгээд өөрийгөө хуурахаа больсон нь дээр.

Тэр чамайг нэг удаа зодсон бол дахин дахин зодно. Чамайг зодож, доош нь хийж байгаа нь хайртайдаа хардаад, чи буруу зүйл хийснээс гэсгээж байгаа үйлдэл огт биш. Тэр зүгээр л чамайг харахаас дургүй нь хүрч, чиний сул дорой байдалд бахаа хангаж таашаал авах дуртай садист.
Хайран сайхан охидууд аавдаа алгадуулж үзээгүй өсөөд хайртай гэж бодсон хүнийхээ гарт шүүс болохыг хараад хэлье гэж бодсон юм. Өөрийгөө хайрла бүсгүйчүүд минь. Муу хүнээс холоос хол амьдар. Чи хорвоод цорын ганц! Чанга, хүчтэй эмэгтэйчүүд ч уйлдаг, уян зөөлөн амьтан.Тэдний хүч сэтгэлийн хатанд, зөв шийдвэрийг эргэлзэлгүй гаргадагт оршдог юм.

…Нэг сайхан бүсгүй “Эхнэртэй хүнээс хүүхэдтэй болоход яагаад болохгүй гэж?” асуулаа. Хүүхэдтэй болно гэдэг хэн нэгэн хүнд хайраа батлахын төлөө тээж төрүүлэхийн төдий зүйл огт биш. Бас хэн нэгэн хүн хүүхдийг нь төрүүлж өглөө гээд насан турш хайрлаад, халамжлаад, мөнгөөр булаад явнаа гэж бодвол том эндүүрэл, алдаа.

Хамгийн түрүүнд төрөх үр чинь эцэг, эхийн хайранд булхаж өсдөггүй юм гэхэд хэнээр овоглосон хэн байх вэ, аавынхаа тухай асуухад юу гэж хариулах тухайгаа буюу өөрийнхөө тухай бодсон нь дээр дээ. Тэр хүний эхнэр, хүүхдүүдийнх нь тухай бодох гэж толгойгоо өвтгөх хэрэггүй ээ. Эхлээд өөрийгөө л бод.
Олигтой эр хүн хэзээ ч ханилсан хань,төрсөн үрээ хаяж явдаггүй юм. Чиний дурласан залуу үнэхээр сайн залуу юм бол гэр бүлээ огт өнчрүүлэхгүй. Харин чи ганцаараа хүүхдээ өсгөхөд бэлэн үү гэдгээ сайн бодоорой.

Өөрийгөө хайрла охин минь! Ганц байгаа амиа хоёр болгох гэж байгаа бол нэртэй төртэй хуримлаад, хүүхэд нь аавыгаа нэхэж биш бахархаж өсгөхөөр бодоод сэтгэлийн хөөрлөө барихыг хичээгээрэй. Чамайг гэж өдөр шөнөгүй бодож, нэрийг чинь хэлэхдээ хоолой нь чичирдэг, чамайг дэргэдээ байлгахын төлөө бүхнээ зориулах залуутай учирна гэдэгт чинь итгэж байна!

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Мэдээ хуулах хориотой